“УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛЬ- БҮРТГЭЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-12-15

 Өнөөдөр “Улсын Бүртгэлийн Багц Хууль - Бүртгэлийн цахим үйлчилгээ” хэлэлцүүлэгамжилттай зохион байгуулагдлаа. Улсын бүртгэлийн ажилтны өдрийг угтсан уг хэлэлцүүлгийг УИХ-ын Цахим бодлогын түр хороо, Хууль зүйн, дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын их хурлын гишүүд, Засгийн газрын яамд, агентлагуудын төлөөллүүд  болон Улсын Их Хурлын гишүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь улсын бүртгэлийн цахим үйлчилгээ, цахим систем, мэдээлэл нийлүүлэх, зуучлалын үйл ажиллагаатай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг оролцогч талуудаар нээлттэй хэлэлцүүлэх ба төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, цахим үйлчилгээг хөгжүүлэх зэрэг олон төрлийн асуудлыг хэлэлцэхэд оршив.

Нээлтийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж , Улсын Их Хурлын гишүүн, Улсын бүртгэлийн багц хуулийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил болон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал нар нээж үг хэлэв.

Тус хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр “Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн цахим систем” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Тус илтгэлээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд газрын бүртгэлийн үйл ажиллагаа тэр дундаа газрын кадастрын мэдээллийн сан, газрын цахим бирж, газрын төлбөр, татварын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тодруулбал, шинэчлэгдэн батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд:

·         Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулсан;

·         Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санг байгуулсан.

·         “Үндэсний дата төв”-өөр дамжуулан “ХУР” системд холбогдсон;

·         Шаардлагатай техник болон технологийн асуудлуудыг шийдвэрлэсэн;

·         Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн, баталгаажуулсан;

·         Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамалд холбогдох асуудлаар сургалт, чиглэл өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн тухайгаа дурдсан юм.

Үр дүнд нь газар эзэмшигч, ашиглагч зөвхөн нэг цэгт буюу газрын алба, сумын газрын даамалд хандан газар эзэмших, ашиглах эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломж бүрдэж байгааг цохон тэмдэглэсэн юм.

Харин газрын цахим бирж, газрын төлбөр, татварын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар дурдахдаа, Газрын биржийн цахим систем /www.MLE.mn/--ээр дамжуулан газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, худалдаа, түрээс, барьцаа, зах зээлийн үнийн мэдээ цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай үйлчилж буй амжилтаасаа хуваалцсан юм. Энэ хугацаанд нийт 1900 дуудлага худалдаа, 334 төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан нь хэлэлцүүлэгт оролцогчдын талархалыг хүлээж байв.

Тэрээр цааш нь газрын харилцааны бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран иргэдэд нээлттэй, ил тод хүргэх талаар хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа товч танилцуулсан ба эдгээрээс Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг иргэний давтагдашгүй мэдээлэл буюу хурууны хээгээр дамжуулан авч, баталгаажуулах, газрын харилцааны үйл ажиллагаанд тоон гарын үсэг ашиглах, Татварын ерөнхий газартай хамтран газрын татвар, төлбөрийн ногдуулалт, хураан авах үйл ажиллагааг үнэн зөв, ил тод, тогтмол, хөнгөн шуурхай зохион байгуулах зэрэг нь бүртгэлийн цахим үйлчилгээний зорилго зорилттой нийцэж байгааг хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс сайшаасан юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, цахим системийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж гарлаа.

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР